
“Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил: Хамтын ажиллагаа ба хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 5 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Бээжин хотноо болов.
Хятадын Орчин үеийн олон улс судлалын хүрээлэнгээс зохион байгуулсан уг хуралд монголын талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Үндэсний хөгжлийн хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн эрдэмтэд, БНХАУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд, хятадын талаас Орчин үеийн олон улс судлалын хүрээлэн, Нийгмийн шинжлэх ухааны академийн Ази, Номхон далайн судалгааны хүрээлэн, мөн академийн Орос, Зүүн Европ, Төв Азийн судалгааны хүрээлэн, Төрийн зөвлөлийн хөгжил судлалын төв, Өвөр Монголын Их сургуулийн Монгол судлал болон Хөрш орон судлалын хүрээлэнгийн эрдэмтэд, Гадаад хэргийн яам, Худалдааны яамны албаны хүмүүс оролцов. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батсүх хурлын нээлтийн ажиллагаанд оролцож үг хэлэв.
Ажил хэрэгч, найрсаг уур амьсгалд болсон тус бага хурлаар хоёр талын эрдэмтэд Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхэн замнал, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, хэтийн төлөв болон хоёр улсын бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны үйл явц дахь оролцооны талаар илтгэл тавьж санал, бодлоо чөлөөтэй солилцов.
Бага хурал хоёр улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад түлхэц болсны зэрэгцээ Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хэрэгжүүлсэн чухал арга хэмжээ боллоо гэж нийт оролцогсод дүгнэв.




.gif)