中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Шилийн хотод өнгөрүүлсэн нэг өдөр... сэтгүүлчийн замын тэмдэглэл

2009/8/27 14:38   

     Бид Эрээнээс өглөөний 8 цагт Өвөрмонголын Шилийн гол аймгийг чиглэн гарав. Цаг орчмын дараа Дэрстэй хэмээх газар ирлээ. Энэ нутаг нэрэнтэй зохицсон дэрс ихтэй юм. Замын хоёр хажуугаар дэрс салхины аясаар найгана. Удаж төдөлгүй Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны төв Мандалтын хажуугаар өнгөрөв. Зүүн Сөнөд гэж аль эртний хошуу баймаарсан. Гэтэл нүдний минь өмнө ёстой будаг нь ханхалсан цоо шинэ жижигхэн хот харагдах юм. Хуучин байшин балгас үзье ч гэсэн даан ч алга. Бүр гайхлаа, тэгээд энэ Зүүн Сөнөд мөн гэж үү? гэж асуухад, "Мөн, мөн. Зүүн Сөнөдийн хуучин төв нь манханд дарагдчихаад энд шинээр байгуулсан юм" гэж Гэрэлт танилцуулав. Тал дээр буй үлгэрийн юм шиг бяцхан сууринг хараад надад цааш нь асууж лавлах үг ч олдсонгүй. Удалгүй бид "машинаа хооллохоор" Шилийн гол аймгийн Авга хошууны төвд орж ирлээ. Бензин авах хооронд би Авгын төвийг сонирхон харлаа. Авга сайхан ч нутаг, домог түүхтэй ч нутаг юм. Энд мөн л бүтээн байгуулалт өрнөж, шинэ хуучин хоёр зэрэгцэн байна. Хуучны улаан тоосгон намхан намхан байшингуудтай шинэ цагийн өнгөлөг цагаан байшингууд зэрэгцэн байна. Хотын замыг өргөтгөж байгаа бололтой өчнөөн техник замын хажуугаар зогсчихсон хөдөлмөр ундарч байна. Авга хошуунд Бэлгүтэй баатартай холбоотой түүхт зүйл олон гэнэ. Авгын баруун талаар намхан атлаа сунайсан урт уул байна. Их намхан юмаа. Шовгор овгор орой гэж байхгүй шув шулуухан тэгш оройтой, ер нь их сонин хэлбэртэй уул юм. Энэ ууланд Бэлгүтэй баатрын эгмийн ясыг тахисан байдаг гэнэ. Бэлгүтэйгийн эгмийн ястай холбоотой олон домог хууч яриа байх юм. Бас Бэлгүтэйгийн эгмийн ясанд чоно үүрэлсэн гэнэ. "Чоно хийморьтойд нь үзэгдэж, илүү хийморьтойд нь алагддаг" гэж монголчууд бид ярьдаг ч ортой бололтой. Ингээд бид Авгаас цааш зүүн хойш чиглэн явлаа. Зам цааш хөвөрсөөр… Бодлоосоо салж цонх руу хартал нүдний минь өмнө миний нутаг тэр чигээрээ гараад ирлээ. Бүр юу билээ гэсэн бодол төрсөн шүү. Надад УБ-аас гараад явж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Шилийн гол аймгийн нутаг манай нутагтай ямар адилхан юм бэ? Нов ногоон тал, цэв цэнхэр тэнгэр, хөвөн цагаан үүл намайг дагаж үргэлжлээд л… нутаг минь санагдчихлаа.

     Ингээд бид Эрээнээс гарснаас хойш 2 цаг илүүтэй яваад Шилийн хотод орж ирлээ. Манай монгол хэлний редакцийнхны олонх нь Шилийн голынх. Тэд үргэлж шахуу манай Шилийн хот шиг сайхан газар байхгүй ээ гэж ирээд л бардамнадаг юм. Ёстой бардамнахаас ч аргагүй сайхан хот юм. Бараг л Бээжингийн зам шиг өргөн замтай, орчин үеийн байшин барилга, том том цогцолбор сүндэрлэн байна. Өнөө Зүүн Сөнөдийн Мандалт шиг шив шинэхэн. Би гайхшаа бараад, Гэрэлтээс "Танай хот бас нутаг сэлгээд энд шинэ хот бариа юу?" гэлээ. Тэр хэж байна. Энэ бол Шилийн хотын шинэ хэсэг нь цаашаа хуучин хот гарч ирнээ гэв. Шинэ хот үргэлжлээд л байх шиг. Би тэссэнгүй "Хуучин хотдоо орж ирэх болоогүй юу?" гэлээ. "Хэдийн ороод ирчихсэн байна" гэв. Би машины цонхоор гайгүй сайн ажиглаж, эрж хайлаа. Хуучин байшингууд замын хоёр талаар сүндэрлэх шинэ байшингуудын цаагуур нуугдаж байгааг мэрийснийхээ хүчинд олж харлаа. Зам туж ам хуурайгүй хятадын хөгжил, Өвөрмонголын сайхныг магтаад гэж намайг бүү зэмлээрэй. Ёстой "даравч дардайж, булавч бултайна" гээчээр нүдэн харагдаад байгаа энэ хөгжил дэвшлийг яах ч юм билээ. Үүнийг ч үзүүлэх гэж намайг аяллын бүрэлдэхүүнд оруулсан бололтой. Маш товчоор хэлбэл, Шилийн хотод хөгжил, байгалийн үзэсгэлэн хоёр бие биетэйгээ өрсөлдөн зэрэгцжээ.

     Өвөрмонголын 12 хот аймгин нэг нь Шилийн хот бөгөөд Шилийн аймагнь дотроо 9 хошуу, 1 шиан, 1 тусгай бүс нутагтай гэнэ. 100 сая гаран хүн амтай бөгөөд 30% нь монголчууд юм байна. МАА GDP-гийн гуравны нэгийг эзэлдэг, эдийн засгийн хөгжлөөрөө Өвөрмонголын 9 аймагтаа хойгуур ордог, ер нь хоцрогдонгуй гэнэ. GDP –нь энэ оны эхний хагас жилд 18%, санхүүгийн өсөлт нь 23%-д хүрсэн бөгөөд энэ жилдээ Өвөөрмонголдоо эхний долоод орох зорилттой юм байна. Шилийн гол аймаг ашигт малтмалын нөөцөөр нэн баялаг гэнэ. 2003 оноос эхэлж нүүрс, өнгөт төмөрлөг, нефьтээ ашиглаж эхэлж байгаа юм байна. Нүүрсний чанарын хувьд ярих юм байхгүй сайн гэнэ. "21-р зууны эхний 10 жил Ордосынх байсан бол дараагийн 10 жил нь Шилийн голынх болно. Бас салхины эрчим хүчийг ашиглах талаар өндөр ахицтай байгаа, ирэх жил гэхэд салхины хүчээр цахилгаан гаргах хэмжээгээрээ Хөх мөрний гурван хавцлын цахилгаан станцын тал хувьд хүрнэ" гэж Шилийн гол аймгийн Радио-Телевизийн дарга Дэн Шяо Хай ярьлаа.

     Дэлхийд алдартай 4 том талын нэг нь Шилийн гол аймагт байдаг. Мөн Юань гүрний үеийн үүх түүхтэй холбоотой дурсгалт зүйл арвинтай. Юань гүрний үеийн Дээд нийслэл энд бий. 11 хааны 6 нь чухам энэ Дээд нийслэлд хааны сууринд суусан түүхтэй аж. Эртний хаад зуны халуунд Дээд нийслэлдээ ирж, сэрүү орохоор Бээжиндээ буцдаг байж. Байгалын үзэсгэлэнгээс гадна түүхийн өв, монгол соёл хадгалагдаж байдаг тул сүүлийн үед аялал жуулчлал ихээр хөгжүүлж байгаа юм байна.

     "Чөлөөлөлтийн дараагаар манай мал сүргийн тоо толгой 100 дахин нэмэгдсэн. Сүргийн тоо нэмэгдэхийн хэрээр газар эвдэрч цөлжилт үүсэж байна. Иймээс бидний өмнө "томын төлөө багыг алдах" зам тулгараад байна. Иймээс бид эрчимжсэн МАА хөгжүүлэх бодлого явуулж эхлээд байна. Энэ нь уламжлалт МАА-г өөрчлөх, шилжилт хийх гэсэн 2 талт арга хэмжээ юм" гэж Шилийн гол аймгийн дарга Жан Гүо Хуа танилцуулсан юм. Шилийн хотод байх хугацаандаа бид шинээр баригдаж байгаа асрамжийн цогцолбортой танилцсан юм. Багшаархан орон сууцны хорооллын дайтай энэхүү цогцолбор нь 1000 ор бүхий 335 өрөөтэй, настанд зориулсан таван давхар бүхий 8 байшин, өнчин хүүхдүүдэд зориулсан 5 байшинтай юм байна. Энэ асрамжийн төвд харж хандах хүнгүй настан, өнчин өрөөсөн хүүхдийг хүлээж авахаас гадна өөрөө хүсвэл мөнгөө төлөөд амьдарч ч болно. Цогцолборыг босгоход 50 сая юань зарцуулжээ. Тус асрамжийн газар 8 сарын эхээр ашиглалтад орж, анхныхаа гийчдийг хүлээж авах юм байна.

     Үдэш нь бид Шилийн хотын хойд энгэр дээр орших хаад хаадын үеэс тахиж ирсэн Эрдэнэ овоон дээр гарч, Бээсийн сүмийн дэргэд зургаа татуулснаар Шилийн хотоор хийсэн нэг өдрийн аялал маань өндөрлөв. Шилийн хот хуртай бороотой, өнгө зүстэй сайхан байнаа.

在线客服
在线客服系统