中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Малчны гэрт... сэтгүүлчийн аян замын тэмдэглэл

2009/8/27 14:24   

     Сурв: Манай аяллынхан Баруун үзэмчний Балгаргол балгасны малчин Ялалтынд зочилж амьдрал ахуй, ажил үйлстэй нь танилцаж, монгол идээ будаагаар дайлуулав. Малчин Ялалт одооос бараг 20 жилийн өмнө айл гэр болж, малчин болохоор шийдэж гэргийхээ хамт ахан дүүсээсээ хэдэн мал цуглуулж 120 бог, 12 бодтой болж байжээ. Удалгүй түүнийг малчин заяа нь түшиж, хонин сүрэг нь 500-д хүрч, 170 үхэртэй болж, 1400 гаруй му нутаг бэлчээр эзэмшин мал сүргээ хариулан, ашиг шимийг нь хүртэж, амьдрал ахуй нь өдрөөс өдөрт дээшилсээр өнөөг хүрчээ. Нэгэнт нүүдэл хийж мал оторлохгүй болсон болохоор 10 жилийн өмнө том байшин барьж, 10 гаруй тасалгаа бүхий үхрийн хашаатай ч болжээ.

     -Амьдрал ямар байна даа гэхэд, тэрээр монгол хүний ёсоор сайхаан сайхан гээд цааш нь ингэж ярилаа. "Малчин бидний аж амьдрал жилээс жилд дээшилж байна. Хөдөөгийн малчин бид чинь 80 он гэхэд гэрэл цахилгаан гэж байхгүй, лаатай байлаа шүү дээ. Одоо бид цахилгаантай болсон болохоор амьдралын хэрэгцээний бүх цахилгаан хэрэгсэл худалдаж авсан. Би моторт дугуйтай, бас машинтай болсон" гэж байна.

     -Та нарт улсаас МАА-гаа хөгжүүлэхэд ямар тус дэм үзүүлж байна гэхэд, "Нэг му газарт 6 юаны нөхвөр өгч байна. Энэ нь хангалттай биш ч гэсэн сүүлийн хоёр жилээс би жилд 150 мянган юаны орлоготой болсон болохоор дутагдах юмгүй байна. Одоо би хатаасан үхрийн махны нийгэмлэг санаачлан байгуулаад ажиллаж байна. Борцныхоо жин бүрийг 80-юаниар өгч, нэг үхрээс 1500 юаны цэвэр ашиг олж байна. Хатаасан борцоо хайрцаглаж савлах баглаа боодол дээр балгаснаас З түм илүү зоосны тус дэм үзүүлсэн. Одоо улсаас эрчимжсэн МАА хөгжүүлнэ гэж байгаа болохоор манай "үзэмчин хонь"-ны нэг хурган дээр 100 гаруй юаны нөхвөр өгч байна. Нэгэнт улсаас эрчимжсэн МАА хөгжүүлэхээр шийдсэн болохоор би ч бас зүгээр суухгүй шинэ үүлдрийн үхэр, хонь эрж хайж, "Шар Улай", "Шалавлай" гэсэн үүлдрийг судалж байна" гэж ярьсан юм.

     -Хүүгээ малчин болгох уу, номын мөр хөөлгөх үү? гэхэд, тэрээр: "Номын мөр хөөлгөж, кадр ажилтан болгоно. Миний хүү 16 настай. Тэр хаа сурна гэнэ, тэнд нь сургах боломж бололцоо надад бий" гэсэн юм. Малчин Ялалт хятад хэл мэдэхгүй юм билээ. Та яагаад хятад хэл сураагүй юм бэ, одоо хэрэг болж байгаа биз дээ? гэхэд, тэрээр: "Харин тиймээ, дунд суруульд байхдаа хятад хэлний хичээл орохоор гараад явчихдаг байсан юм. Тэр үед хятад хэл сурч байх минь яав гэж одоо боддог юм шүү" гэсэн юм. Монголчууд бид "мал дагавал ам тосдоно" гэж ярьдагаар мал дагасан Ялалт анхны жилүүдэд жилдээ 1500 юаны орлоготой байдаг байсан бол өнөөдөр жилдээ 150 мянган юаны орлоготой болжээ. Энэ бол Баруун үзэмчин нутгийн зуун зуун малчны нэг л дүр төрх...

在线客服
在线客服系统