中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Зүүдэндээ уулзах аав ээж, зүрхэндээ мөрөөдөх эх нутаг

2009/8/27 14:55   


Түм түмэн жилд малчин түмний шүтэн тахиж ирсэн хөхрөн сүүмэлзэх Богд уул

      Миний нутаг Өвөр Монголын Өөртөө Засах Районы Хөлөн Буйрын Шинэ Барга Баруун Хошуу Алтан- Эмээл балгас гэж Хятадын умард хэсэгт байршиж, өмнөд болон баруун захаараа Монгол Улстай хиллэж, Хэрлэн голын эрэг дагуу зэрэглээтэн харагдана. Тэртээ өмнө түм түмэн жилд малчин түмний шүтэн тахиж ирсэн Богд уул хөхрөн сүүмэлзэж, түүнээс нааш цэлийх нов ногоон талд үхэр, хонь, адуу мал сүрэглэн бэлчинэ. Дэлгэр сайхан зун мал сүрэг тарган, хүн ард аажуу тайвуу. Ай төрж, өссөн нутаг, ус минь. Чамайгаа яасан их санав аа. Хэзээнээсээ Хөлөн Буйрын тал нутаг, өнгө үзэмж бүрдсэн, үзэсгэлэнт баян тансгийн орон билээ л. Би энэ сайхан нутагтаа эзэн нь болон өсч төрж, бага насныхаа үнэхээр сайхан дурсамжаа тэнд үлдээсэн юм сан. Нутаг усны минь эд эс бүхэнд миний бага нас, баяр хөөр, нууцхан гуниг, дуу хуур, хүсэл мөрөөдөл, хайр энэрэл шингэсэн бий.


Шинэ барга баруун хошууны Барга музейн өмнө

     Ойрмогхон ээжтэйгээ утсаар ярихад "Аавын минь бие тааруухан байна" гэж сонсоод үр нь болсон миний сэтгэл зүрх өөрийн эрхгүй зүүгээр шивүүлсэн шиг шимшрэн өвдөж, алаг хоёр нүдэнд минь халуун нулимс дүүрэн мэлмэлзэж ирснээ аав, ээж ,гэр, нутгаа санасан оргилсон хулуун сэтгэл эрч зоригийг минь хөвчлэн чангалж, хүүдэг цээжинд минь халуун урсгал давалгаалан цалгилж, аав ээжийнхээ дэргэд нисээд хүрмээр санагдсан юм.


Тал дээр давхиж байгаа галт тэрэг

     Тэгээд зуны амаралтын цагаа ашиглан арван хоногийн чөлөө авч нутаг буцахаар шийдлээ. Тоост ертэнцөд заяаснаас энэ хорвоо ямар гэдгийг ухаж мэдээгүй хайрт охиноо дагуулан халшрал бүдрэлийг хамтаар туулсан амины амраг гэргийтэйгээ хамт галт тэргэний буудалд санд мэнд хүрч тасалбараа бичүүлээд Бээжингээс –Манжуур хүрэх орон нутгийн вагонд суулаа. Галт тэрэгний дохио дугарлаа. Галт тэрэг уухчин хөдлөхөд миний сэтгэл нэг зэрэг тайван болсон шиг болж, цонхоор жирэлзэн өнгөрөх замын хажуудах янзийн сайхан өнгө үзэмжийг сонирхож явлаа. Галт тэрэг хотын төвөөс алгуурхан шогшиж гарангуутаа хурдаа улам нэмж, хүрчигнэн давхиж замаар өнгөрөх сайхан үзэмж жирэлзэн өнгөрч, харин холын бараа улам л тодрон харагдаж, тэнгэрийн өнгө цэнгэрлэн уул хүтлүүд өмнөөс босон босон сүндэрлэж, байгалийн сайхан үзэмж галт тэрэгний цонхоор харахад зурагт шиг сайхан санагдахын дагуу миний сэтгэл ч баясан хөөрч түрүү удаа гэр рүүгээ буцсан тэр үеийн байдал уураг тархинд минь тодорлоо.


Гэрийг чигэлсэн нарийхан зам

     Энэ бүхнийг санаж явахад гэр нутаг улам л ойртаж байгаа шиг санагдлаа. Ингэж олон юм санаж явсаар байж юу ч гэсэн арай гэж Хятад, Оросыг холбосон хилийн боомт Манжуур хотын зах хүрч байгаа харагдлаа. Бид галт тэргээс буухад бэл ахын бяцхан банди жижиг авто машинаа барьж биднийг халуун дотноор угтаж авлаа. Тэгээд Манжуур хотын захаас гэрийг маань чиглэсэн ямар торох юмгүй, өөгүй тэгшхэн цардмал замаар бид хурдтай давхиж хошууны бараа харагдахад нэгэнт хуранхуй болчихсон байлаа. Ахын хүү Баатар гэдэг нэгэн цовоо сэргэлэн ганган залуу байдаг сан. Тэр зам зуур машинаа жолоодож явахдаа өлгий нутгийн ойрын хэдэн жилүүдэд гайхамшигт сайхан хувьралтын байдлыг үгээ дэлгэн ярьж явсаар нэг л мэдэхэд хошууны арын хөтлийг даваад хошууны захад ороод иржээ. Үнэхээр түүний ярьснаар хамаг юм бүхэн цоо шинээр солигдож ёстай хот шиг сайхан болчихсон байв.

在线客服
在线客服系统